Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах; энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх зохицуулалттай.
Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод шатахууны нийлүүлэлтэд хомстол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөг баталж, хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.
0 сэтгэгдэл